Tuesday, May 10, 2011

Өвөөгийн захиа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Н. БАГАБАНДИ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л. ЭНЭБИШ, ЕРӨНХИЙ САЙД Н. ЭНХБАЯР ТАНАА



2001 оны 1 сарын 25, Улаанбаатар хот



Юуны өмнө Та бүхний амар амгаланг айлтгая.

Манай улсын хэмжээгээр 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн тулгарлалтанд оролцож эх орноо хамгаалж гавьяат үйлс бүтээлцсэн ахмад дайчид 4-5 жилийн өмнө 10,000 гаруй байсан бол энэ хооронд энэ тоо эрс цөөрчээ.

Одоо амьд сэрүүн байгаа ахмад дайчид 1939 оных 200, нас нь 80-90, 1945 оных 3000, нас нь 78-аас дээш, баруун хилийнх 500, нас 76-аас дээш настай хөгшид байгаагийн дотор олонхи нь хөл доголон, нүд нь хагас, бүтэн хараагүй, чих нь сонсгол муутай, гэрээсээ гарч чаддаггүй амьдрал нь нэн дорой хүнд өрөвдөлтэй болжээ.

Харин ахмад дайчид бид улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмнийнхээ эрх чөлөө, эх орныхоо газар нутгаа хамгаалах ширүүн тэмцэлд үүргээ нэр төртэй сайхан биелүүлж яваад эдүгээ эдий өндө настай болж нарлаг сайхан өлгий нутагтаа амьд сэрүүн яваадаа баярлаж өөрсдийгээ сэтгэлээ бүлээцүүлэн хатуужиж явдаг хүмүүс юм. Ингэхлээр ийм ахмад дайчдаараа манай төр түмэн олон ч бахархаж тэднийгээ хайрлаж байдаг нь мэдээж.

Бусад орны туршлагаас харахад ахмад дайчдадаа асар их хүндэтгэл үзүүлж ахуй амьдралыг нь үнэхээр хүрэлцээтэй сайн хангамжтай байлгадаг нь гайхалтэй байдар бөгөөд түүнд нь гэр бүл, үр хүүхэд ач гуч нар нь ч хязгааргүй их сэтгэл өндөр байдаг юм билээ. Дайны ахмад дайчид бол бусад ахмадуудтай адил нөхөн үрждэггүй, дуусдаг тавилантайгаараа хөөрхийлэлтэй хүмүүс юм. Үүгээрээ ч онцгой анхаарал татдаг нь аргагүй юм.

Ийм учраас эх орны өмнө тэдгээр гавьяат үйлс бүтээсэн ахмад дайчдыг амьд сэрүүн байхад нь хүндэтгэл үзүүлж ахуй амьдралынх нь нөхцлийг нь хангамжтай байлгаж сэтгэл санааг нь баясгаж урам хайрлаж байх нь асар их ач тустай үйлс юм. Энэ асуудлын талаар тэднийг хүнд байдалд оруулж заавал өөрсдөөр нь гуйлгуулж сэтгэл санааг нь сэвтүүлж байх шаардлаггүй юм гэж үздэг. Иймд манай ахмад дайчдын нийтлэг хүсэлтийг харгалзан үзэж юуны өмнө дараах арга хэмжээг нэн даруй авч өгөхийг хүсч байна. Үүнд

1. 80-аас дээш настай ахмад дайчдын одоогийн авч байгаа тэтгэвэрийг 3 дахин, 80 хүртэлх насныхныг 2 дахин тус тус нэмэгдүүлэх,
2. Ахмад дайчдын тэтгэвэр дээр дурьдсанаар 2-3 дахин нэмсэн ч ахуй амьдралд нь хүрэлцэх хангамж болохгүй нь өнөөгийн юмны үнэ өндөр, цахилгаан, дулааны нэмэгдсэн үнэтэй харьцуулахад хүрэлцээтэй биш нь тодорхой байна. Иймд орон сууцанд амьдардаг ахмад дайчдын хэрэглээний цэвэр бохир, халуун усны үнийг бүрэн чөлөөлж өгөхөөс гадна цахилгаан, дулааны үнийг 50-60%-иар хөнгөлж өгөх, бас орон сууц хувьчлаад авчихсан байхад талбайн хөлсийг засвар үйлчилгээ гэж нэрлээд сар тутам ₮3000-4000 гаруй авч байгааг хянан үзэж чөлөөлж өгөх,
3. Гэрийн нөхцөлд байдаг ахмад дайчдад 2 шоо мод, 2 тн нүүрс олгодог байсныг 4 шоо мод, 4 тн нүүрс олгодог болгох,
4.Ахмад дайчдад эрүүл мэндийн үзлэг хийх, мөн хэвтэж эмчлүүлэх, жилд нэг удаа сувилалд явахад нь үнэ төлбөргүй болгох. Энэ талаар Эрүүл Мэндийн Сайдын шийдвэр гаргаж ахмад дайчдад тусгай үнэмлэх олгож мөрдүүлэх.

2001 он бол МАХН, Ардын Хувьсгал, Зэвсэгт Хүчин байгуулагдсаны 80, Монголын ахмадын байгууллага бий болсны 70 жилийн ойнууд болно. Ингэхлээр ахмад дайчид маань дээрх түүхт үйлсүүдийн ялалт ололтыг бэхжүүлэн хөгжүүлэх, мөн инэнхи үеүдийн ажил хэрэгт ороцож хувь нэмэр оруулснаа санагалзан бодож хүлээж байгаа нь мэдээж билээ.

Иймд энэ түүхт баяруудыг тохиолдуулж ахмад дайчдад дараах арга хэмжээ авч урам хайрлахыг хичээнгүйлэн хүсч байна. Үүнд

- Манай улсад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 700 шахам байсан нь одоо дөнгөж 100 хүрэхгүй хүн үлджээ. Иймд ардын хувьсгалын партизаны уламжлалыг хүндэтгэн тэдний залгамж болгож ахмад зүтгэлтнүүдийг партизаны хэмжээнд үзэж тэдний хагамжинд шилжүүлэх,
- Ахмад дайчдын дотор төрийн дээд шагнал хүртээгүй хүн ч байдаг. Иймд дээрх түүхт ойнуудыг тохиолдуулж төрийн дээд шагнал, одон медаль, засгийн газрын жуух бичгээр хөхүүлэн шагнах.

Үнэндээ ахмад дайчдын ахуй амьдралын нөхцөл боломж доод хэмжээнд орсноос болж сэтгэл санаа нь маш дундуур гутранги байдалтай байдгийг нуухын хэрэг алга.

Ингэхлээр ийм үед нь боломжтой туслалцаа үзүүлбэл тун их буянтай үйл болох учир ахмад дайчдын талаар толилуулж байгаа энэ хүсэлтийг онцгойлон анхаарч хайр ивээлтэй шийдвэр гаргаж баярлуулна гэж гүнээ итгэн хариу хүлээж байна.

Дашрамд дурьдахад дээрх дайн байлдааны үеийн дивизийн дарга, комиссаруудаас бид 2 байгаа учир ахмад дайчдаа төлөөлж тэдэндээ тус болох юмсан гэж бичлээ.






1936 оны байлдаанд 5-р морьт дивизид комиссар байсан, ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, 85 настай (Миний өвөө) Ганжуурын Тогтох

болон

1939ь 1945 оны дайнд 2 дивиз командалсан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин, 86 настай (Өвөөгийн хамгийн сайн анд) Гэндэнгийн Дорж






Copyright © Алтайн Мөнх Сарьдаг - Ганжуурын Тогтох Намтар. "АДМОН" Компаний хэвлэл. Улаанбаатар. 2001

3 comments:

  1. Sonirholtoi post bn :) Genet bi uvuuguu sanachlaa :(

    ReplyDelete
  2. Tegeed ur dun ni yu bolson yum?

    ReplyDelete
  3. Veterans got a chance to get an apartment. Unfortunately, my grandfather passed away, and did not live to see his accomplishment for the elders

    ReplyDelete

I heart you. What do you think?